Skip to Content

Газарзүйн заалт


Монгол орны тансаг байгалийн бэлэг — газарзүйн заалтаар хамгаалагдсан хуш модны самар. Цэвэр байгаль, уламжлалт түүхтэй түүвэрлэлтийн арга, олон улсын стандартад нийцсэн чанар.

Газарзүйн бүсийн тодорхойлолт

“МОНГОЛЫН ХУШ МОДНЫ САМАР” газарзүйн заалт нь дараах аймгуудыг хамардаг: Архангай, Баян-Өлгий, Булган, Төв, Завхан, Хэнтий, Увс, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл болон Улаанбаатар хотын ногоон бүс.


Монгол орны хуш модны нөөц нь жирийн хуш модтой харьцуулахад илүү ч дэлхийн хэмжээнд харьцангуй бага тул Монгол хуш модыг ховор ургамлын төрөл хэмээн тооцдог.


Газарзүйн заалтын хүрээнд багтсан бүс нутгуудыг Монгол Улсын газрын зурагт тод ногоон өнгөөр ялган тэмдэглэсэн бөгөөд эдгээр нь бүтээгдэхүүний гарал үүслийн албан ёсны бүс нутаг юм.



Газарзүйн бүсэд зайлшгүй мөрдөх үндсэн үйлдвэрлэлийн үе шат, үйл явц


Хууль тогтоомжийн дагуу “МОНГОЛЫН ХУШ МОДНЫ САМАР” нь бүрэн боловсорсон хугацаанд буюу арваннэгдүгээр сарын 15-наас дараа жилийн гуравдугаар сарын 15 хүртэл түүж, хураагдах ёстой.

Хураалтын явцад дараах экологийн зарчмуудыг чанд мөрдөнө:

• Эхийн хуш модыг огтолж унагахыг хориглоно.
• Мөчир таслахгүй, холтос болон их биеийг гэмтээхгүй байх ёстой.
• Ойн экосистемд сөрөг нөлөө үзүүлэхээс сэргийлнэ.
Ой өөрөө нөхөн сэргэх боломжийг хангахын тулд тодорхой хэмжээний үрийг үлдээх ёстой. ​


Эдгээр нь “МОНГОЛЫН ХУШНЫ САМАР” бүтээгдэхүүний онцлог чанар, тогтвортой үйлдвэрлэлийн суурь үндэс болдог.


Газарзүйн бүс нутагтай холбогдох

“МОНГОЛЫН ХУШ МОДНЫ САМАР” нь бүтээгдэхүүний чанар болон газарзүйн гарал үүсэл хоорондын нягт уялдаа холбоотой өвөрмөц бүтээгдэхүүн юм.


Хушны самар ургадаг бүс нутгийн байгаль, уур амьсгалын онцлог:

Уур амьсгал ба цаг агаар: Монгол Улс нь өвөлдөө -50°C-аас доош, зундаа +40°C хүртэл хэлбэлздэг огцом эрс тэс уур амьсгалтай. Мөн дэлхийн наран туяаны хамгийн өндөр нягтралтай бүсүүдийн нэгт оршдог. Энэ нөхцөл нь хушны самрын хатуу, ширүүн бүтэцтэй хальс бүрэлдэхэд нөлөөлдөг.


Ой модны экосистем ба чийгшил: Монголын хушин ой нь ихэвчлэн уулын бүсийн өндөрлөг газар, их хэмжээний хур тунадастай, чийглэг бичил уур амьсгалтай, урт хатуу өвөл, богино зунтай бүс нутагт ургадаг. Энэ нь самрын шим тэжээлээр баялаг болох үндсэн нөхцөл болдог.


Хөрсний бүтэц: Хуш моднууд нь голчлон Хэнтийн, Хангайн, Хөвсгөлийн нурууны ой бүхий өндөрлөг, хөвд, өвслөг ургамлаар бүрхэгдсэн олон жилийн цэвдэгтэй хөрсөнд 700–2500 метрийн өндөрт ургадаг.


Энэ тайга ба дэд альпийн бүсийн хөрс нь хуш мод ургахад нэн тохиромжтой бөгөөд самрын амт чанарт шууд нөлөө үзүүлдэг.



“Монголын хуш модны самар” газарзүйн заалтын бүртгэлийн түүх


Монголын хуш модны самар нь эрт дээр үеэс Монголчуудын амьдралын хэв маяг, хүнсний хэрэглээ, уламжлалт соёл-той салшгүй холбоотой байгалийн ховор амттан юм.
Энэхүү самар нь зөвхөн амт шимт, эрүүл мэндийн ач тусаараа бус, ой модны экосистемийн тэнцвэрт байдалд гүйцэтгэдэг үүргээрээ ч үнэ цэнтэй.
Эдгээр онцлогийг хүлээн зөвшөөрч, “Монголын хушны самар”-ыг газарзүйн заалтын хамгаалалтад авах үндэсний санаачилга 2015 оноос эхэлсэн. ​


Уг үйл явц нь:
• Үйлдвэрлэгчид
• Судлаачид
• Орон нутгийн иргэд
• Монгол Улсын Засгийн газар зэрэг олон талт оролцогчдын хамтын ажиллагаагаар явагдсан. 

 Хууль, техникийн зохицуулалтыг “Монголын самрын бизнес эрхлэгчид, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн эрхийг хамгаалах холбоо” хариуцан зохион байгуулсан.

Энэ бүртгэл нь Монголын хушны самрыг гарал үүсэл бүхий, чанар өндөртэй, олон улсад өрсөлдөхүйц бүтээгдэхүүн болгон хөгжүүлэхэд чухал алхам болсон.

Газарзүйн заалтын хөгжлийн үе шатны чухал тэмдэглэлт мөчүүд


  • Эхний судалгаа ба баримтжуулалт (2017–2019): “Монголын хушны самар”-ын онцлог чанар, уламжлалт хураалтын арга, газарзүйн хязгаарыг тодорхойлох суурь судалгаа, баримт бичгийн бүрдүүлэлт хийгдсэн.
  • Газарзүйн заалтын дотоод бүртгэл: 2021 онд “Монголын хуш модны самар” нэрээр Монгол Улсын Оюуны өмчийн газар (ОӨГ)-т албан ёсоор бүртгэгдэж, гарал үүслийг хамгаалах, нэр хүндийг баталгаажуулах чухал алхам тавигдсан.
  • Газарзүйн заалтын логоны баталгаажуулалт: 2023 онд тусгай зориулалтын газарзүйн заалтын лого батлагдаж, албан ёсоор ашиглагдах болсон. Энэхүү тэмдэг нь зөвхөн бүтээгдэхүүний жинхэнэ гарал, баталгааг илэрхийлэхээс гадна, тогтвортой байдал болон уламжлалт мэдлэгийн илэрхийлэл юм.
  • Олон улсын хүлээн зөвшөөрөл – ЕХ-ны Гэрээний хүрээнд: 2024 оноос эхлэн Европын Холбоо–Монгол Улсын Чөлөөт худалдааны хэлэлцээр (FTA)-ийн хүрээнд газарзүйн заалтыг харилцан хүлээн зөвшөөрүүлэх үйл явц эрчимтэй өрнөж байна.


    ЕХ нь ГЗЗ-ын техникийн үзүүлэлтийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн бөгөөд бүртгэлийн ажил үргэлжилж байна. Энэ нь “Монголын хуш модны самар”-ыг ЕХ-ны зах зээлд оюуны өмчийн хамгаалалт дор худалдаалах боломж бүрдүүлэх юм.


Тогтвортой ирээдүйг хамтдаа бүтээх нь


“Монголын хуш модны самар” ГЗЗ-ын үйл ажиллагаанд хамрагдсан оролцогч талуудын чадавхыг дээшлүүлэх, мэдлэг солилцох, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор дараах алхмууд хийгдэж байна: Орон нутгийн үйлдвэрлэгч, түүвэрлэгч, боловсруулагчдын сургалт, мэдлэгийн солилцоо


ГЗЗ-ын хяналт, чанарын тогтолцоог бэхжүүлэх чадавхижуулалт

Олон улсын байгууллагуудтай техникийн болон хууль эрх зүйн хамтын ажиллагаа

Уур амьсгалын өөрчлөлт, байгаль хамгаалалтай уялдсан тогтвортой менежмент, хариуцлагатай үйлдвэрлэл


Эдгээр хүчин чармайлт нь Монголын хуш модны самрыг хамгаалахаас гадна, орон нутгийн амьжиргааг дэмжих, экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, улмаар экологийн болон соёлын өвийг хадгалах зорилготой юм.